• 10 сарын 24 , Бямба
  • 1 USD = 2,852.33 ТӨГ| 1 EUR = 3,375.30 ТӨГ| 1 RUB = 37.37 ТӨГ| 1 CNY = 427.65 ТӨГ
Сэтгүүлчид эрүүгийн хуулиар яллагдаж эхэллээ...
  • 20:00
  • 39
  • 0
Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол 450 мянган төгрөгөөр торгодог хууль баталсан гэх атал үүнийг эсэргүүцэн бичсэн хүнийг 500 мянган төгрөгөөр торгож байна.
Энэ тэгээд шударга ёс мөн үү?
МСНЭ-ийг луйвардаж авсан Х.Мандахбаярын буянаар сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэдэг болсон. Нэгэнт ийм хууль батлуулж санасандаа хүрсэн тэр луйварчин УИХ-д нэр дэвшиж үзээд ойчсон.
"Санаа муу бол Заяа муу" гэж тэр.
Батлуулсан тэр уршигт хуулийнх нь балгийг маш олон хүн амсаж байна.
Ялангуяа саяын сонгуулиар улиран сонгогдож, улмаар ХЗДХ-ийн сайд болсон Х.Нямбаатарын үед энэ төрлийн шийтгэл залхаалт онцгой чангарч сэтгүүлчид болон ард иргэд эрүүгийн хууль гээч юмны дарамтан доороос өндийж чадахаа болив.
Сэтгүүлч Л.Тамирыг харанхуй шөнө 1 цаг өнгөрч байхад гэрээс нь хүчээр авч яван хэлтэс дээрээ аваачиж байцаасан, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг амралтын өдөр болон ажлын бус цагаар байцаадаг болсон гэх мэт фактууд ар араасаа хөвөрнө.
Түрүүчээсээ "Шүүхээр шийтгүүлэн" торгуулийн ял авч эхэллээ.
Хамгийн аймшигтай нь хүүхдийнхээ ирээдүйд санаа зовниж, болоод байгаа явдлыг бичсэн эх хүнийг “Илтэд худал мэдээ” тараасан гэдгээр цагдаад гомдол гаргаж, Шүүхээр шийтгүүлсэн хүн нь өнөөдрийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар юм байна.
Энэ явуургүй этгээдийг анх олны анхааралд өртөхөд нь Монголын Ард түмэн идэр 9-ийн хүйтэнд талбай дээр жагсаж тусалсан юм. Хариуд нь тэр тэднийгээ мөргөж байна. Түүний эвэр ургаж гүйцжээ.
Тэрбээр энэ өндөрлөгт гаргасан Ард түмнээ мөргөөд эхэлж...
Түүний гомдлоор Шүүхээс торгуулийн ял аваад байгаа сэтгүүлч Х.Ганзаяагаас учрыг тодрууллаа.
Хамгийн аймшигтай нь “Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол 450 мянган төгрөгөөр торгодог хуультай гэх атал үүнийг эсэргүүцэн бичсэн хүнийг 500 мянган төгрөгөөр торгожээ...
Ярилцлагыг та бүхэнд хүргэе!
***********************************************************
Х.Ганзаяа:
Охидыг өмөөрсөн пост оруулаад торгуулийн ялаар шийтгүүллээ гээд албан тушаалтанд долигнох хүн би биш ээ...
УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын нэр хүндэд халдаж, илт худал мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан хэргээр өнөөдөр Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд www.murch.mn сайтын сэтгүүлч Х.Ганзаяад холбогдох хэргийн шүүх хурал хуралдсан. Нийтдээ хоёр удаа хойшилж, өнөөдөр хуралдсан шүүх хуралд орохын өмнө Х.Ганзаяа, “хууль зүйн сайдын эсрэг үнэн зөв мэдээллийн талд өмгөөлөл хийх өмгөөлөгч олдохгүй, хандсан өмгөөлөгч бүхэн татгалзаж байгаа тухай” сошиалд жиргэсэн нь олны анхаарлыг их татаж байсан. Тиймээс шүүх хурлын дараа Х.Ганзаяатай холбогдох үүссэн асуудлын хүрээнд ярилцлаа.
-Жиргээг тань хараад шууд шүүх дээр очсон. Даанч хуралд орчихсон байлаа?
-Баярлалаа, хэвлэл мэдээллийнхэн маань ядаж миний талд, үнэн шударгыг шаардсан эх хүний талд байгаад талархаж байна.
-Шүүх хурал нэлээд удлаа?
-Шүүх хурал 13.30 цагт зарлагдсан учир би цагийн өмнө ирээд хүлээж байгаад орсон. Хоёр цаг хагас хугацаа болсон байхаа.
-Шүүх хуралд Х.Нямбаатар сайд оролцсон уу?
-Үгүй, шүүхээс энэ хуралд Х.Нямбаатар гишүүнийг заавал оролцохыг шаардаж байсан ч ирсэнгүй. Өмнө нь хоёр удаа шүүх хурал хойшилсон. Эхлээд би өмгөөлөгчтэйгээр шүүх хуралд оролцох хүсэлт гаргаснаар хойшилсон. Дараа нь Х.Нямбаатар сайдын өмгөөлөгч өвчтэй гэдэг шалтгаанаар хойшилсон. Энэ удаа Х.Нямбаатар сайдыг заавал шүүх хуралд ирүүлэх ёстой гэж байсан ч өмнө нь хоёр удаа хойшилсон учир хуралдах ёстой гээд хуралдсан. Тэгээд л шийдвэрээ гаргачихлаа.
-Хэд хэд харсан л даа жиргээ болон постуудыг тань. Удаа дараа өмгөөлөгч олдохгүй байна гэж жиргээд байсан?
-Асуудал үүсээд шалгагдаад эхлэхээс өмгөөлөгч авсан. Цагдаад шалгагдаж байхдаа өмгөөлөгчтэй очиж мэдүүлэг, байцаалтаа өгсөн. Харамсалтай нь тэр өмгөөлөгч цаашид өмгөөлөх боломжгүй, ажил ихтэй байна гэсэн учир хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаад амжилтад хүрээгүй. Учир нь надад гомдож хэрэг үүсгүүлээд байгаа хүн маань УИХ-ын гишүүн, бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд болчихсон. Тиймээс салбарынхаа сайдын эсрэг хуульчид хөдөлдөггүй юм байна. Энэ талаараа шүүгчид тайлбар өгөхөд Өмгөөлөгчийн холбоонд хандахыг зөвлөсөн. Харамсалтай нь өмгөөлөгчдийн холбооноос бас татгалзсан хариу өгсөн учир танил хуульчдаас зөвлөгөө аваад шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлөхөөс өөр сонголт үлдээгүй. Мэдээж гомдолтой байсан учир хэд хэдэн удаа өмгөөлөгчид яагаад шударга биш, салбарын сайд байсан ч шударга ёсны төлөө ажиллахгүй байна вэ гэсэн гомдолын пост оруулсан тал бий. Тэрийг та харсан юм болов уу даа.
-Ингэхэд шүүхийн шийдвэр яаж гарав?
-500 нэгжтэй тэнцүү буюу 500.000 төгрөгийн торгуулийг 90 хоногийн дотор барагдуул гэсэн шийдвэр гаргасан. Тиймээс би давж заалдана гэдгээс хэлсэн. 14 хоногийн дотор давж заалдах юм билээ. Одоо тэгээд өргөдлөө бичээд л үзнэ дээ. Миний хувьд оргүй зүйлээр хүн гүтгээгүй, бас эх хүний хувьд бухимдлаа гаргасан маань ийм том асуудал болж, эцэс сүүлдээ торгуулийн ял гэдэг юмыг шүүхийн танхимаас сонсож үзлээ. Их эвгүй байдаг ч энэ нийгэмд шударга зүйл гэж улам л алсраад байгааг өөрийн биеэр мэдэрлээ. Маш харамсалтай санагдаж байна.
-Яг ямар пост оруулаад эрүүгийн хэргээр яллагдах хүртлээ асуудал томорчихов?
-Би хэнийг ч гүтгээгүй, тэр дундаа Нямбаатар гэж хүний нэр төрд халдах хүсэл, сонирхол надад огт байхгүй. Харин тэр хүний “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгэнд бухимдсан. Тэр бухимдалаа л пост болгож оруулсан. Тэр постод илт худал зүйл огт байхгүй. Энэ утгаараа би Нямбаатар гэдэг хүнийг огт гүтгээгүй, түүнтэй холбоотой “Илт худал” мэдээлэл бичээгүй гэж үзэж байгаа. “Илт худал” мэдээлэл гэдэг үгийг уг нь хүн бүр ойлгомоор юм. Монгол хэлэнд энэ үгийг “Зохиомол зүйл” гэж ойлгох ёстой. Гэтэл миний постонд зохиосон зүйл байхгүй. Үүнийгээ нэг, хоёр гэж байгаад тайлбарлая.
Нэгдүгээрт: Миний хувьд хэрэг шалгасан, цагдаа, прокуорын шатанд надад хамааруулж нээсэн хавтаст хэрэгтэй огт танилцаагүй. Учир нь надад хуулийн тухай ойлголт байхгүй, хэн нэгэн хүнийг санаатайгаар гүтгэж, илт худал мэдээлэл интэрнэтэд тавьж, бусдын нэр хүндэд халдах үйлдэл хийж байгаа гэж бодоогүй болохоор хэрэг үүсгэн шалгасан цагдаагийн ажилтан, бас энэ хэрэгт хяналт тавьсан прокурорыг үнэн мөнийг олох байх гэж итгэж байсан. Мөн тухайн үед их хурлын гишүүн байсан, одоо Хууль зүйн сайд болсон Х.Нямбаатар гэж энэ хүний эсрэг талд өмгөөлөл хийхийг ямар ч өмгөөлөгч хүсдэггүй юм байна. Би 5 өмгөөлөгчид хандсан. Надад зөвлөгөө өгөхийг зөвшөөрсөн ч шүүх хуралд оролцох, хавтаст хэрэгтэй танилцах хэмжээнд ажиллахыг хэн нь ч зөвшөөрөөгүй, бүр татгалзаж байсан. Татгалзсан шалтгаанаа “Нямбаатартай муудалцмааргүй байна... 1 ангийнх..., 1 багшийн шавь...” гэх мэтээр үнэхээр харамсалтай шалтгаанууд хэлж байсан учраас нэгэнт өмгөөлөгч олдохгүй нь тодорхой болсон тул шүүх хуралд өөрийгөө өмгөөлөхөөр ганцаараа очсон.
Хамгийн гол нь энэ надад хамаатуулж байгаа асуудал хэрэг биш. Би “Илт худал” мэдээлэл огт постлоогүй учир шүүгчид маань үүссэн асуудлыг нягталж, шударга үнэнийг олж өгнө гэдэгт итгэж байна. Миний хувьд 3-14 насны 3 хүүтэй ээж хүн. Хөвгүүдийнхээ ирээдүйд санаа зовсондоо тэрхүү хуульд өөрчлөлт болгон оруулж ирсэн заалтыг эсэргүүцэж бухимдсан. 14 настай бол “Хүүхэд” юм. Тэр том хүн биш, тэр иргэний үнэмлэх аваагүй. Тийм ч учраас Иргэний хуульд 14 настай хүүхэд эрх зүйн хагас чадамжтай гэж заасан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл 14 настай хүүхэд дэлгүүрт орж худалдаа хийх эрхтэй. Харин бусад харилцаанд орохдоо аав, ээж, асран харгалзагчийн зөвшөөрлийг авч байж харилцаанд орох ёстой.
Юун тохиролцож бэлгийн харилцаанд орох вэ. Тэр бүү хэл 16 нас хүрчихсэн байхад ч жолоо барих эрх үүсдэггүй. Учир нь насанд бүрэн хүрээгүй учраас... 18 нас хүрсний дараа л насанд хүрлээ гэж үзээд улс төрийн сонгуульд орохыг зөвшөөрдөг гэхчлэн “Илт тодорхой” хуулиуд байна шүү дээ.
Иймээс... 14 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж байгаа бол энэ чинь гэмт хэрэг.
Бүр “Хүндрүүлэх заалттай” хүчингийн гэмт хэрэг. Хатуу шийтгэл оногдуулах нөхцөлтэйгээр хариуцлага хүлээлгэх “Гэмт хэрэг” юм гэдгийг онцолсон. Магадгүй, тохиролцсон байсан ч энэ гэмт хэрэг гэж үзэж байгаа. 6-р ангийн хүүхэдтэй бэлгийн харилцаанд орчихоод охин биеийг нь доромжилж бузарлачихаад 450 мянган төгрөгөөр торгуулах ялаар шийтгэгдэж яаж болох юм бэ? Хаанахын ямар эцэг эх үүнийг зөвшөөрч тайван сонсож суух юм бэ? Эрүүл л юм бол тэр эцэг эх тайван байж чадахгүй. Энэ утгаар л би бухимдаж пост оруулсан. Х.Нямбаатар гишүүн өөрөө ч Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөө “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн байгаа. Тиймээс би “Илт худал” мэдээлэл огт бичээгүй гэж үзэж байна
Хоёрдугаарт : Миний хүүгийн үеийн охид ийм аймшигтай эрсдэлд орж байхад хууль нь ингэж үйлчлэх юм бол магадгүй тэр хүүхэд манай бэр болоод манай гэр бүлд ороод ирвэл яана? Энэ бол маш аймшигтай асуудал.
14-хөн настай хүүхдийн толгойг эргүүлж бэлгийн харилцаанд орчихоод, магадгүй хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орсон байж 450 мянган төгрөгөөр торгуулна гэдэг юу гэсэн үг вэ. Хэний ч дургүй хүрнэ. Би үнэхээр бухимдсан. Маш олон хүн бухимдаж байгаа. Тиймээс магадгүй миний бичсэн пост олон хүнд хүрснийг Х.Нямбаатар гишүүн уг хуулийн өөрчлөлтийг хийсэн тухайгаа үгүйсгээгүй шиг би үгүйсгэхгүй. Би хуулийн хүн биш, хуулийг төгс сайн мэдэхгүй учраас Нямбаатар гишүүний “Улаан балд” орж ярьсаныг өөрийн хэмжээндээ ойлгоод бухимдсан. Х.Нямбаатар гишүүн энэ хуульд өөрчлөлт оруулж, 16 настай хүүхдийг 14 болгож өөрчилсөн байна. Ингэснээр 14 настай хүүхдийг хүчирхийлсэн этгээд 450 мянган төгрөгөөр торгуулиад хохироод өнгөрөх юм байна гэж л бухимдсан.
Чи бодоод үз дээ, 14 настай хүүхэд хуучнаар 6 дугаар анги, одоогийнхоор 8 дугаар анги. Эцэг эхийнхээ хараа хяналтаас гараагүй хүүхэд. Ийм хүүхэд хэзээ ч эсрэг хүйсний насанд хүрсэн хүнтэй тохиролцож бэлгийн харилцаанд орохгүй, за орлоо гэхэд хэвийн оюун ухаантай, хүмүүжилтэй хүүхэд ийм зүйл хийхгүй гэдэгт би 100% итгэлтэй байна. Тиймээс маш их бухимдсан. Бухимдсан учир үүнийгээ илэрхийлж пост оруулсан. Би Х.Нямбаатар гишүүнийг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй, анх удаа нэвтрүүлэгт орохыг харж, яриаг нь сонссон. Тэгэхэд тэр нэвтрүүлэгт Х.Нямбаатар гишүүн өөрөө хэлсэн. “Өмнөх хуульд 16 настай гэж байсныг би 14-16 болгож өөрчлөх санал гаргаж, өөрчлүүлсэн”... гэж. Ийм л зүйл болсон.
Харин миний хувьд энэ шүүх хуралд оролцоод Х.Нямбаатар гишүүн хуульд оруулсан өөрчлөлтөө хүмүүст ойлгогдохоор тэр дундаа энгийн хүмүүст ойлгогдохоор тайлбарлаж, сурталчилж чадаагүй юм байна гэж харлаа. Хүмүүс хэзээ ч хуулийн хатуу хэллэгээр ойлгохгүй. Хүмүүст хүргэхэд энгийн үг хэллэг рүү оруулж, ойлгомжтой тайлбарлах ёстой. Нарийн мэргэжлийн үг хэллэг ойлгохгүй учир эх хүний хувьд, эмэгтэй хүний сэтгэлээрээ ойлгоод би бухимдаж пост оруулсан, түүнээс биш “Илт худал” мэдээлэл оруулаагүй. Ийм л байна. Магадгүй, над шиг олон хүнд зөв ойлголт төрүүлэхийн тулд энэ хуулийг маш сайн ойлгомжтой талаас нь олон нийтэд сурталчлах ёстойг Х.Нямбаатар сайд болон түүний өмгөөлөгчид, энэ асуудлыг заавал хэрэг болгож, яллах гэж зүтгэсэн улсын яллагч нар анхаарах хэрэгтэйг би шүүх хурал дээр хэлсэн.
-Одоо өөрөө давж заалдах байх. Дахиад л өмгөөлөгчгүй оролцох уу?
-Бүх хүмүүс Х.Нямбаатараас айдаггүй юм байна гэж дөнгөж сая бодож суулаа. Сая над руу нэр бүхий өмгөөлөгчид хандсан. “Шүүхийн шийдвэрийг гарахаар нь аваад ирээрэй. Судлая, бас чамд туслах гарц хайя” гэж. Тэр өмгөөлөгчид маш их талархаж байна. Гэхдээ нэгэнт энэ асуудлаар ярьж байгаа учир би одоо хүртэл гайхаж байгаа, бас шүүх хурал дээр хэлсэн үгээ хэлмээр байна. Ингэхэд Х.Нямбаатар гэдэг тэр хүн миний бичсэн постноос болж яаж хохирсон юм бол гэж? Өмгөөлөгч нь хэлж байсан... “Улс төрийн шалтгаантай” гэж.
5-р сард ямар юмных нь улс төр байдаг юм. Ядаж 6-р сар гарчихсан бол тэгж харагдаж болно л доо. Түүнээс гадна, миний бичсэн пост тэр хүний нэр хүндэд халдсан бол Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүн болж сонгогдож, бас Засгийн газрын гишүүн болж бүүр Хууль зүй, дотоод хэргийн сайд болчихсон байна. Нэр хүнд нь сэвтэж хохирсон хүн ийм албан тушаалд очихгүй шүү дээ! Үүнийг л би гайхаад байгаа юм.
Х.Нямбаатар гуай ингэхэд ер нь яаж хохирчихсон юм болоо??? Сонин асуулт байгаа биз дээ?... \инээв\
-Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайдыг уурлуулсан постыг чинь би олсон?
-Би маш олон пост оруулдаг, сошиалд их идэвхтэй байдаг хүн. Ямар пост оруулсанаа мартчихсан байна. Тэгээд ч нэгэнт ийм их асуудал дагуулсан тэр постыг одоо санаад ч яах билээ, шударга зүйл гэж байхгүй манай улсад албан тушаал, мөнгөтэй хүмүүс нь хүчтэй байдаг л үнэн юм байна.
-“Нямбаатарын гаргасан хууль. 14-тэй охин хүчиндвэл 450.000 төгрөгөөр торгуулаад л болоо. Охины чинь хохь болно. Ийм новшийн юмнуудыг төрд дахин бүү гарга!!! “Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй.Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан аав, ээждээ гомд!!!” гэсэн байна лээ?
-Заавал тэр постыг сэргээх нь өөрт чинь чухал байгаа гэж үү. Надад бол дэмий санагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Чамд бас амжилт хүсье...
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй