• 07 сарын 10 , Баасан
  • 1 USD = 2,832.64 ТӨГ| 1 EUR = 3,211.08 ТӨГ| 1 RUB = 39.94 ТӨГ| 1 CNY = 405.20 ТӨГ
Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр Б.Мэдрээ сонгогдлоо
  • 08:50
  • 392
  • 0
Монголын банкны холбооны эрх барих дээд байгууллага буюу Чуулган өнгөрөгч долоо хоногт хуралдсан байна. Энэ удаагийн Чуулганаараа Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарын сонгуулийг зохион байгуулжээ.

Холбооны дүрэмд зааснаар Ерөнхийлөгч нь Үндсэн гишүүд буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн төлөөлөл байх ба Чуулганаар 2 жилийн хугацаатай сонгогддог. 2018 онд Голомт банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож, зээлийн хүү бууруулах стратеги боловсруулан, уг төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ. Чуулганаар Ө.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсож, бага хугацаанд үр бүтээлтэй ажилласаныг сайшаав.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, олонхийн саналаар Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр зээлийн хүү бууруулах арга хэмжээг цааш үргэлжлүүлж, цогц арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах хүрээнд банкууд дээр давхардаж гарч буй зардлуудыг нэгтгэх, банк дундын үйлчилгээний компаниудаар гүйцэтгүүлэх талаар манлайлан ажиллахаа мэдэгдсэн юм.
Б.Мэдрээ нь банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан төдийгүй тус салбарт олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлсэн туршлагатай банкир юм. Тухайлбал,
• Хоёр шатлалт банкны тогтолцоог анхлан санаачлагчдын нэг
• Орон сууцны 8%–н зээлийг анхлан санаачилсан
• Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төслийн зээл”–ийн хөтөлбөрийг Монголын арилжааны банкинд хэрэгжүүлэх ажлыг санаачлагч
• Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай болон зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслүүдийг санаачилсан
Холбооны Ерөнхийлөгчийг эзгүйд түүнийг орлох, тодорхой чиглэлийг манлайлан ажиллах Дэд ерөнхийлөгч нарыг Чуулганаар мөн адил 2 жилийн хугацаагаар сонгодог. Холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан, Хас банкны Эрсдэл хариуцсан захирал Торстен Клайн Бойнинг нар өөр ажилд томилогдсон тул Дэд ерөнхийлөгчөөр ажиллах эрхмүүдийг Чуулганаас нэр дэвшүүллээ.

 

Улмаар Чуулганы төлөөлөгчдийн олонхын саналыг авч, сонгогдсон Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал О.Банзрагч, Тээвэр хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, Холбооны удирдлагын багт хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.

  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй